| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
|
RSS 2.0 фийд холбоосууд
|
|
Гадаад хэлийг төгс сурахуйн нууц1147 хоногийн өмнө - 1664 удаа уншигдсан |
|
Ямар хүн гадаад хэлийг төгс сурах боломжтой вэ? Монгол хэлээр ярьж чаддаг хүн болгон сурах боломжтой. Тэр дундаа тухайн гадаад хэлийг сурах чин эрмэлзэлтэй, уйгагүй тэвчээртэй хүн ямар ч гадаад хэлийг баталгаатай төгс сурч чадна. Та арван жилдээ гадаад хэлний хичээлд гавихгүй байсаар их дээд сургуульд ч гэсэн тэр байдал чинь үргэлжилсээр байж мэдэх юм. Тэгсэн ч миний одоо сурдаг хөг өнгөрсөн байлгүй дээ гэж битгий бодоорой. Жаахан хүүхэд гадаад хэлийг хэрхэн хурдан сурдагийн нууцыг дээр өгүүлсэн шүү дээ. Тийм болохоор хичнээн их хоцорсон мэт санагдаж байвч бүр эхнээс нь үзээд алдахад оройтохгүй. Шинээр үзэж эхлэхээр шийдсэн бол өдөр болгоны үзэх хичээлийн ачааллыг битгий их байлгаарай. Yзэх сэдвийн их бага гол биш хамгийн чухал нь өдөр болгон тогтмол хийгээд байх явдал л чухал юм шүү. Анхан шатны хичээлийг бага гэж басах дунд дээд шатны хүнд сэдэв рүү санаархан ороод зориг мохох явдал бол эхлэн үзэгчдийн амжилтанд хүрдэггүйн нийтлэг шалтгаан мөн. Тэгэхээр анхан шатны хичээлийн агуулгыг сайтар эзэмшин зөв сайхан уншиж сурахад тэвчээртэй хичээх хэрэгтэй. Энгийн хялбар байна гэж битгий гологтун. Та бүхний гадаадад очиж сурвал, гадаад багштай байсан цагт сая сайн ярьдаг болох байлгүй гэж мөрөөдөөд байдаг ярианы хэлний чадвар чинь чухам л анхан шатанд бүрддэг юм шүү дээ. Тийм болохоор анхан шатны хичээлийн бичвэрийг бага гэж басалгүй дахин чанга дуугаар дуудан уншаад бай. Цэвэр сайхан хуулан бичээд бай. Харин яг хэд унших бичихийн тухайд гэвэл өөрийн цаг боломжоо харгалзан тогтоо. Тэгэхдээ өдөр бүр 2-3 цагаас багагүй хугацаатай байхаар зохицуулах нь чухал. Ингээд анхан шатны хичээлүүдийг гартаа оруулсан бол дунд шатны хичээл рүү зугуухан орж болно. Шинэ үгээ тольд, утгыг сайтар орчуулан ойлгож ав. Тэгээд л анхан шатанд үзэж байсан аргаараа олон дахин хуулж, уншаад бай. Энэ үед хуулалт, уншилтын тоогоо бага зэргээр бууруулж болно. Энд анхааруулж хэлэхэд өдөрт 2-3 цаг гадаад хэлээр хичээллэнэ гэвэл уншилт 30 минут орчим үлдсэн хугацааг хуулж бичихэд зарцуулж болох юм. Аливаа гадаад хэлийг үзэж байхад дунд шатанд хоёр хэлний сэтгэлгээний зөрөө ихсэж ирнэ. Тухайлбал манай монгол хэлэнд “Эмнэлэгт хэвтэх”,“Бөгтөр хүн” гэж ярьдаг байхад хятад хэлээр “Эмнэлэгт амьдрах”, “Тэмээн нуруутай хүн”, япон хэлээр “Эмнэлэгт амьдрах”, “Мууран нуруут” гэх мэт. Хамгийн гол нь та энэ бүхэнд төвөгшөөн яршиг шаалгүй тэвчээртэй олон дахин уншиж бичээд байх хэрэгтэй. Тэгэх аваас тодорхой хугацааны дараа хоёр хэлний энэ мэт сэтгэлгээний зөрөөг гэтлэн давж нэг л мэдсэн эх сайхан монгол хэл шигээ ойлгож тэр түвшинд ярьж бичиж орчуулдаг болсон байх болно. Та өдөрт хоёр цаг л гадаад хэлээр хичээллэнэ гэж тогтсон бол тэр хугацаагаа ягштал барьж байвал их өгөөжтэй шүү. Зарим сэтгэл хөөрсөн үедээ 4-5 цаг толгой өөд татахгүй хичээллээд дургүйгээ хүрэхээрээ хоёр гурван өдөр ор тас хаяж давхиад байвал хүссэн үр дүнгээ өгөхгүй сэтгэл гонсгор хоцрох нь ойлгомжтой. Тийм болохоор хоёр цаг хийхээр тогтсон бол тэр л хугацаандаа давтаж хийчихээд номоо хойш тавьж бай. Харин хагас бүтэн сайн хэмээн өөртөө чөлөө өгч өдөр алгасахгүй байх нь чухал. Зарим хүн гадаад хэлийг сурах аргачлал гэхээсээ илүү баахан гүн ухаан номлочихлоо, яг барьцтай юу хэлэх гээд байгаа юм бол доо? гэж бодож байж болох юм. Ингэж шүүмжлэхээсээ өмнө та миний дээр бичсэн зүйлсийг дахин нэг тогтож уншаад эрэгцүүлэн бодож үзээрэй. Хамгийн гол нь нөхцөл боломжиндоо тохирсон өөрийн гэсэн аргыг боловсруулж ав. Тэгээд гурван сар тууштай хичээллэсний дараа маш олон зүйлийг ухаарч хаашаа явах, юу сурах чиг чинь тодроод ирнэ. “Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тодорно.” гэж жанжин Сүхбаатарын хэлсэн үг чухам энэ ёсыг сургаж байгаа юм. Ингээд дээр бичсэн зүйлсээ базан өөрийн боловсруулсан гадаад хэлийг сурах аргын гол санааг танилцуулъя. “Гадаад хэл сурахын тулд өдрийн зөв дэгийг баримталж, амжилттай сурахын төлөө сэтгэл санаагаа төвлөрүүлэн тогтоо. Битгий элдэв дэмий зүйл бодож толгойгоо гашилга. Тухайн өдөр үзсэн сэдвийг олон дахин унш. Олон дахин хуулан бич. Илүү гарсан чөлөөт цагаа гэрийн ажил хийх зэрэг ашигтай үйлд зориулан муу зуршил, муу нөхдөд бүү уруу татагд.” Эртний монголын гэрийн сургалтын цөм болсон энэхүү аргыг манай “Гэгээ” гадаад хэлний дээд сургууль өнгөрсөн зургаан жилийн хугацаанд туршин хэрэгжүүлж ирсэн бөгөөд төгсөгчид маань амжилттай сайн суралцан эртний хятад хэлний мэдлэгийг хүртэл гүнзгий сайн суралцсан хүн хэд хэд бий. Мөн энэ аргаар суралцсан манай оюутнуудаас англи, хятад, япон хэлний улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцон шалгарч америк, япон улсад өнөө хэр хоёр хүн суралцаж байна. Сүүлийн гурван жил дараалан хятад хэлний улсын олимпиадад манай сургуулийн оюутнууд л энэ чиглэлийн хувийн их дээд сургуулиудаас ганцаараа шахуу МУИС, ХИС зэрэг олон жилийн сургалтын аргын баялаг уламжлалтай томоохон сургуулийн оюутнуудтай ана мана өрсөлдөж байгаагийн нууц нь гэвэл чухам “Эртний монголын гэрийн сургалтын аргыг” амжилттай туршин хэрэгжүүлж буйд байгаа билээ. Ялангуяа 2005 оны улсын олимпиадад манай сургуулийн хоёрдугаар курсийн нэг ангийн долоон охин эхний арван байранд шалгарч анги сургуулийн хамт олноо баярлуулсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй юм. Гадаад хэлний мэдлэг дээшлэх үе шатууд Би өөрийн чинь хэлсэн аргаар гурван сар уншиж бичээд овоо дөртэй болчихлоо. Одоо цаашаа яаж хичээллэх вэ? гэсэн асуулт гарч мэдэх юм. Гэхдээ үнэхээр гурван сар энэ аргаар уйгагүй хичээллэсэн хүн байх аваас иймэрхүү зүйл асуухгүй дуугүй л цаашаа үргэлжлүүлэн сурах болов уу гэж би бодож байна. Яагаад гэвэл олонх хүмүүс хэлний авьяасгүйдээ биш хичээл номоо давтахгүй, оролдохгүй байгаагаас гадаад хэлний хичээлдээ хоцроод байгааг та бүхэн миний дээр өгүүлсэн хэсгийг уншиж байхдаа ойлгосон байх аа. Харин хийгээд, оролдоод байгаа хүнд бол олон олон асуултын учиг аяндаа аяндаа ойлгогдож тайлагдах болно. Эртний хятадын их сэтгэгч Лаоз “Их ёсны тухай сонссон дээд төрөлтөн дуугаа хураадаг. Дунд төрөлтөнд тийм ч юм шиг, үгүй ч юм шиг санагддаг. Харин доод төрөлтөн шоолж инээдэг.” хэмээх мэргэн сургаалаа айлдсан байдаг нь чухам үүнийг хэлж байгаа юм. Дээр өгүүлсэн “Гэрийн сургалтын аргыг” сонирхон хичээллээд үзсэн чин зоригтой хүн чамгүй ихийг ухаарч чигээ олсон байх нь эргэлзээгүй. Харин энэ сургаалд үл итгэж, биеийн амрыг харах дуртай нэг нь хуучин байрандаа л хэвээрээ хоцорсон байх нь дамжиггүй. Хэдийгээр хүн болгон өөр өөрийн боломж нөхцөлдөө тохируулан энэ аргыг хэрэглэх талаар сануулж байгаа боловч санаа аваг гэсэндээ оюутнууддаа зааж сургадаг хэлний түвшингээ дээшлүүлэх үе шатны талаар энд ярихад илүүдэх юун. Сурах бичиг дээрх анхан дунд шатны бичвэрүүдийг түүртэлгүй уншиж ойлгодог болсон хойно илүү гарсан цагаараа тухайн хэл дээр хялбаршуулсан уран зохиолын номыг орчуулгатай нь тулгаж унших буюу өөрөө тольдон унших хэрэгтэй. Унших сэдвээ зугуухан хүндрүүлсээр өгүүллэг, тууж, романыг цөөн цөөн хуудсаар өдөр болгон тогтмол уншиж эхлэ. Роман тууж гэхээр хэцүү байлгүй гэж битгий өөрийн оюун санаанд хүндрэл үүсгээрэй. Хэрвээ өдөр болгон тогтмол уншаад эхлэвэл өгүүллэг роман хоёр яг ижилхэн хүндрэлтэй байдаг. Харин ч нэг үйл явдалд нь орчихвол роман унших хүндрэл өдөр хоногоор багасч байдаг. Манай олон нэртэй сайн орчуулагч гүүш нар бүгдээрээ тухайн хэл дээр ном зохиол түлхүү унших нь мэдлэгээ дээшлүүлэхэд ач тустай болохыг сануулан бичиж хэлж байсан нь санамсаргүй хэрэг биш. Харин шинээр гарч буй үг хэллэгүүдийг яаж тогтоох талаар шинэ үг цээжлэх гэсэн хэсэг дээр тодорхой тайлбарлаж өгөх тул энд нэмж нуршихыг азная. Ийм маягаар хоёроос таван роман уншчихсан байхад мөн ч их юм ойлгогдоно доо. Роман руу орсон тохиолдолд чанга дуугаар биш нүдээрээ хурдан гүйлгэж унш. Yг хэллэгийг өөрийн болгоё гэж яаралгүй зөвхөн утга санааг ойлгоод аль болох хурдан, их зүйлийг уншвал өгөөж нь маш их шүү. Харин ярианы хэлний номноосоо өөрт таалагдсан практикт өргөн хэрэглэгдэж мэдэх сэдвүүдийг сонгон аваад 15-30 минут орчим чанга дуугаар уншиж байхаа мартавзай. Сонин сэтгүүл, уран зохиолын номыг чөлөөтэй уншаад ойлгож чадахгүй байгаа тохиолдолд радио, телевиз үзэж сонсголоо сайжруулъя гэж битгий оролдоорой. Нүдээ хараад ойлгохгүй байгаа зүйлийг чихээрээ сонсоод ойлгоно гэж байхгүй шүү дээ. Харин ямар ч сэдвийн зүйлийг уншаад чөлөөтэй ойлгодог болсон цагт радио телевиз үзээд ойлгодог болно гэдэг ердөө л хагас сарын ажил. Яагаад гэвэл та чанга дуугаар уншиж байх зуур сонсгол чинь нээгдэж байдаг юм. Томоохон роман барьж аваад уншдаг болсон хойноо тухайн хэлээр гардаг хамгийн олон уншигчтай сэтгүүлийг сонгон унш. Олон янзын сэтгүүл рүү үсчихгүй нэг хоёр сэтгүүлийг дагнан унших нь өгөөжтэй шүү. Сэтгүүлийг өдөр болгон тогтмол уншаад байвал 14-хоногоос нэг сарын хугацаанд нэвтэрхий сайн уншдаг болно. Дараа нь бас л нэр хүндтэй, олон уншигч бүхий нэгээс хоёр сонинг сонгож унш. Мөн л дээрхитэй ижил хугацааны дараа ямар ч сэдвээр сайн уншиж ойлгодог болно. Ном, сонин сэтгүүл чөлөөтэй уншиж ойлгодог болсны дараа олон ангит кино үзэж эхлэ. Доогуураа үсгэн тайлбартай кино байвал бүр сайн. Эхлээд үзэхдээ зөвхөн үсгийг нь харж ойлгохыг хичээ.Зугуухандаа үсгийг хараад төвөггүй ойлгодог болно. Энэ маягаар тогтмол үзээд байвал зугуухандаа үсэггүй олон ангит киног ч ойлгодог болно. Кино чөлөөтэй ойлгодог болсон бол өөрийн дур сонирхолд тохирсон нэвтрүүлгүүд үзэж эхлэ. Энэ маягаар үзсээр байтал ямар ч сэдвээр кино, телевизийн нэвтрүүлгийг чөлөөтэй ойлгодог болсон байна. Ийм түвшинд хүрсэн хүн тухайн хэлний орчинд ороод 1-2 сарын дараа маш чөлөөтэй ярих чадварыг эзэмшиж чадна. Энэ бүх үе шатыг туулсан хүн монгол хэлнээс тухайн гадаад хэл рүү орчуулах бичих чадвартаа түлхүү анхаарах хэрэгтэй. Хэрвээ үнэхээр уйгагүй, хичээнгүй хүн бол ийм маягаар хичээллэхэд 1,5-2 жилийн хугацаанд хүссэн үр дүндээ хүрч чадна. Хүн өдөрт хичнээн шинэ үгийг цээжлэх боломжтой вэ? Энэ талаар бичихийн өмнө та бүхэнд 1968 онд Болгарын сэтгэл зүйч эрдэмтдийн хийсэн нэгэн сонирхолтой туршилтын талаар ярьж өгье. Эрдэмтэд нэг жолоочийг судалгаандаа оролцуулахын тулд түүнийг гэрээс нь дагуулж гараад машиныг нь жолоодуулан хүрээлэн дээрээ авчирсан байна. Дараа нь тусгай аргаар ховсдон хагас унтанги байдалд оруулаад сая ирсэн замын дагуу хэдэн гэрлийн шон байсан тухай асуухад нөгөө хүн 598 гэж огтхон ч эргэлзэлгүй хариулжээ. Эрдэмтэд түүний ул мөрөөр түүний гэрээс хүрээлэн хүртэлх зам дагуух гэрлийн шонг тоолж үзвэл үнэхээр 598 байсан байна. Орчны санаанд оромгүй үзэгдэл юмсыг бүртгэн тогтоож байдаг энэхүү ухамсрын хэлбэрийг “Далд мэдрэхүй” гэж нэрлэдэг. Чухам энэ “Далд мэдрэхүй л ” гадаад хэл сурах, шинэ үг цээжлэхэд шийдвэрлэх үүрэгтэй байдаг ажээ. Болгарын эрдэмтэн Лозанов “Далд мэдрэхүйн” энэ онцлог чанарт тулгуурлан гадаад хэлийг эрчимтэй сургах арга зүйг боловсруулсан нь ихэд алдаршин өнөө хэр дэлхийн дахинаа өргөн хэрэглэгдэж байгаа билээ. Түүний удирдлагаар хичээллэж байсан оюутнууд хоногт 450 шинэ үг цээжлэж дээд амжилтыг тогтоож байсан байна. Би гэр бүлийнхээ хүнтэй хамт монголын гадаад хэлний сургалтанд зоригтой өөрчлөлт хийе гэсэн өөдрөг бодол өвөрлөн 1999 онд “Гэгээ” гадаад хэлний дээд сургуулийг байгуулж хятад япон хэлний сургалт явуулж ирлээ. Ийнхүү оюутан залууст гадаад хэлийг сургах үйлсдээ ажиглаж мэдсэн туршлага мэдлэгээ та бүхэнтэй харамгүй хуваалцъя гэсэн хүсэл маань энэхүү номыг бичихэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Манай сургуулийн хичээл миний дээр өгүүлсэн түлхүү уншуулж, хуулуулах арга дээр тулгуурлан зохион байгуулагдсан байдаг. Хятад хэлийг эхлэн үзэж байгаа тохиолдолд зөвхөн хичээл дээр л багшийг дагаж зөв уншихыг зөвшөөрдөг. Харин гэрт нь бие дааж унших, ярих, цээжлэх даалгаврыг тэр болгон өгөөд байдаггүй. Шинэ үгнүүдийн орчуулгыг нэг удаа хэлж өгч бичүүлээд гэртээ бичвэрээ олон дахин хуулаарай гэсэн даалгавар өгч явуулдаг. Нэгдүгээр курсийн эхний улиралд дараачийн хичээл үзэхийн өмнө тогтмол шинэ үгийн хяналтын ажлыг цөөн минутанд багтаан авдаг. Оюутан хүн өөрөө уйгагүй хуулаад байсан тохиолдолд сар гаруй хугацааны дараа шинэ үг цээжлэх явдал бэрхшээл байхаа больж тав зургаа орчим хуулж байх явцад л аяндаа нүдлэгдээд байдаг болчихдог. Анги сургууль даяараа тогтмол хуулах уншихын ач тусыг мэдэрсэн байдаг болохоор залхуу идэвхигүй оюутан ч өөрийн эрхгүй хамт олныхоо идэвхитэй байдалд татагдан ордог юм. Тийм болохоор манай сургуулийн хамгийн тааруу сурлагатай оюутны хувьд ч шинэ үг цээжлэх нь тийм хүндрэлтэй асуудал биш байдаг. Энэ утгаар авч үзвэл “Гэгээ” гадаад хэлний дээд сургуулийн оюутнуудын хувьд нэгдүгээр курсийн эхний улирал нэлээд ачаалалтай үе байдаг бөгөөд дээшлэх тусам хичээл улам хөнгөрөөд л байдаг. Yзэх сэдэв багассандаа хөнгөрч байгаа хэрэг биш, харин гадаад хэлний зөв, бат бэх суурь тавьж өгсөн болохоор цаашид ачаалал улам хөнгөрч байгаа хэрэг юм. Оюутан сурагч хүний хувьд хоног хугацааны дөнгөж арван таван хувийг танхимын сургалт эзлээд үлдэж буй хувь нь өөрийн мэдлийн чөлөөт цаг байдаг болохоор түүнийг ашиглаж өөрт тохирсон хөнгөн хялбар ном аль болох их уншиж эхлэх нь чухал байдаг тухай дээр дурдаж байсан шүү дээ. Манай сургуулийн хувьд оюутны чөлөөт цагийн уншлагыг бүрэн утгаар нь сайтар зохион байгуулж өгдөг. Сурах бичгээс хальж дурын номыг уншуулж эхлэх энэ үед шинэ үг олноор гарах нь ойлгомжтой. Ийм уншилтыг чанга дуугаар биш зөвхөн хараагаар уншуулдаг. Уншилтын хугацааг эхлээд багавтар тогтоож байснаа зугуухан ихэсгэх, өдөрт 1-2 хуудас уншиж байснаа түүний тоог зугуухан нэмэх гэх мэтээр ачааллаа нэмэгдүүлж болно. Хамгийн гол нь өдөр алгасахгүй тогтмол уншаад л байвал аяндаа олон зүйл ойлгогдоно. Миний хувьд ийм уншилт хийж байгаа оюутнууддаа эхлээд цөөн хуудас уншиж, утгыг нь тайлбарлаж өгөөд үйл явдалд нь орсон хойно бие даалган уншуулдаг. Ингэхдээ толин дээрээс шинэ үгийн таарах утгыг тэмдэглэн авч номын тухайн хэсэгт юу өгүүлж байгааг ойлгосон л бол тухайн шинэ үгийг цээжлэлгүй орхиод бай гэж оюутнууддаа хэлдэг. Энэ нь хүний “Оюун ухааны залхуу чанарт” үндэслэсэн арга юм л даа. Ингээд тольдоод яваад байхад эхэн үедээ зуун үг тольдлоо гэхэд тухайн өдөр хорь гуч нь цээжлэгдэн үлдсэн байх болно. Энэ хувь хэмжээ зугуухан нэмэгдсээр сүүлдээ тольдох үгийн тоо цөөрч цээжлэх чадвар улам нэмэгдсээр л байдаг. Эртний дорно дахины ном сударт хүний оюун ухааныг хадуурдаг морьтой зүйрлэн бичсэн байх нь бий. Энэ зүйрлэлийн дагуу бол хүн өөрөө гадаад хэлний шинэ үгийг цээжлэе гэж хичнээн хичээлээ ч цээжлэгдэхгүй байх нь олонтоо байдаг. Нэгэнт л тийм зүй тогтол байдаг юм бол та шинэ үгийг цээжлэхгүй гэж бодоод уйгагүй тольдон уншаад л бай. Өдөр алгасахгүй ийн хичээн оролдоод байх юм бол нэг л мэдсэн дээрх аргыг гартаа оруулан үр шимийг нь амсаж мэдэрсэн байх болно. Саяхан манай хоёрдугаар курсийн оюутнууд нэг сонин туршилт хийснээ надад хэлж байсан нь юу гэвэл тэд хоорондоо уралдан шинэ үг цээжлэхэд хамгийн сайн хүүхэд нь 10 минутын дотор 70 шинэ үг цээжилсэн ажээ. Энэ бол муугүй л үзүүлэлт. Гэхдээ ийм чадвартай болохын тулд уйгагүй оролдлого давтлага юу юунаас ч илүү чухал бөгөөд нэгэнт ийм түвшинд хүрсэн тохиолдолд шинэ үг цээжлэх гэдэг хүнд асуудал огт биш болчихно. Эцэст нь хэлэхэд аливаа нэгэн аргын жинхэнэ мөн чанарыг өөрийн хичээл зүтгэлээр гартаа оруулж ач тусыг нь хүртэх боломжтой. Түүнээс өмнө хичээж оролдож үзээгүй хэн нэгэн хүнд тухайн аргын тухай ярьж, бичиж ойлгуулна гэдэг хятад ардын үлгэрт гардагчлан “Сохор хүмүүс тус бүртээ зааныг гараараа тэмтрэн бусаддаа өөрийн мэдэрсэнээ зүйрлэн ярьж өгдөгтэй” агаар нэгэн хэрэг болох юм. Тийм болохоор дээр дурдсан аргаар оролдоод үз. Хамгийн гол нь өөртөө хэт их ачаалал өгөхгүй, өдөр болгон тогтмол хийгээд байх нь чухал шүү. Гадаад хэлийг сурсаны үр шим зугуухан тодордог. Зүйрлэн хэлвээс өдөр хоног улиран өнгөрсөөр мод цэцэг ногоорон зун болдог шиг, халгин урсах гол мөрний ус захаасаа зайрмагтан байснаа нэг л мэдэхэд нэлэнхүйдээ мөсөн хуягаа өмсдөг шиг гадаад хэлний мэдлэг чинь зузаарч байгаа нь өөрт чинь тэр болгон мэдэгдэхгүй. Харин зөв аргаар зөв хичээллэсээр нэг л голдрилоо олоод явчих юм бол атгын чинээ бөөрөнхий цасыг уулын уруу өнхрүүлэхэд доошлох тусам улам томорсоор бэлд очихдоо гэрийн чинээ том болдог шиг, явуулын хүмүүсийн өргөсөн ганц нэг чулуу нэг л мэдсэн уулын орой дахь овоо болон сүндэрлэдэг шиг гадаад хэлээр хичээллэсний үр шим нэг л өдөр өөрт чинь мэдрэгдэх болно. Тийм болохоор энэ зүй тогтлыг ойлгон яарамгүй нөрүүхэн сайхан хичээллээд байгаарай. Дүрмийн талаар товчхон Би хорь гаруй жил монголын хятад хэлний ертөнцөд тоосоо өргөж явахдаа олон сайхан том орчуулагч нартай нүүр тулан уулзах завшаан тохиолдсон бөгөөд тэдний олонх нь “Би дүрэм сайн мэдэхгүй, гэхдээ хятадаар алдаатай ярьж бичихгүй.” гэж ярьж байхыг цөөнгүй удаа сонсож байсан. Энэ нь тэр хүмүүс монгол болон хятад хэлний дүрмийн талаар огт мэдлэггүй гэсэн үг биш харин ч бусдаас илүү мэдлэгтэйг илтгэхийн зэрэгцээ харь хэл сурч байгаа хүмүүс дүрмийн мэдлэгт хэт их ач холбогдол өгөхийн хэрэггүй гэдгийг онцолж байгаа хэрэг юм. Бусад хэлний тухайд ч мөн өөрцгүй дүрмийн талаар зөв цэгцтэй ойлголттой байвал зохино. Манай хүмүүс сурч судалж эхлээгүй мөртлөө англи хэлний үйл үг нь цагийн хорин зургаан хувиралтай байдаг гэсэн гэж ам дамжин хэлэлцэж түүнээс бэрхшээж байдаг. Хятад япон хэлний цагаан толгойн үсэг нь 5000 байдаг гэнэ лээ. Тийм хэлийг яаж сурдаг байна аа гэж ганц өдөр ч сурч эхлээгүй байж бас л бие биесийнхээ зүрхийг үхүүлж байх нь бий. Чухам юу байдгийг нь цаг заваа гарган үзээгүй байж ийнхүү өөртөө хий хоосон бэрхшээл үүсгэх нь дэмий хэрэг л дээ. Амьдрал дээр ажиглаж байхад хүний санаанаасаа зохион буй болгосон энэ мэт саад тотгорол л гадаад хэлний сургалтанд тохиолдож байдаг хувь хүнээс хамааралтай хамгийн том бэрхшээл юм. Энэхүү наян хувьтай тэнцэхүйц том бэрхшээлийг санаанаасаа зайлуулж чадвал үлдэх бодит бэрхшээл дөнгөж хорин хувь л байх болов уу. Тийм болохоор толгойдоо эргэлдэж байгаа элдэв эргэлзээ тээнэгэлзлийг өөрөөсөө зайлуулж яг өнөөдрөөс эхлэн гадаад хэлний хичээлээ зориглон барьж ав. Энэ номыг зохиогч гэж нэг их айхтар амьтан тэнгэрээс залран бууж ирчихээд та нарт сургаал номлол айлдаад байгаа хэрэг биш. Би ч гэсэн хүүхэд байхдаа та нартай адилхан гадаад хэлний хичээлд түүртэж, олон олон эргэлзээ тээнэгэлзэлд толгой эргэж явсан удаатай. Харин гадаад хэл сурах чин хүсэлдээ хөтлөгдөн, уйгагүй хичээл зүтгэл гаргасны үрээр өдий зэрэгтэй болсон туршлага мэдлэгээ та бүхэнтэй хуваалцаж байгаа минь энэ. Аливаа хэлэнд өргөн хэрэглэгддэг, цөөн хэрэглэгддэг, бичгийн хэлний, ярианы хэлний гэсэн харилцан адилгүй үүрэгтэй олон дүрмүүд байгаа. Түүнийг сурах бичиг, толь бичгүүд болон гадаад хэлний багш нар тэр болгон ялган зааж өгч чаддаггүй. Тийм боломж ч тэр болгон үгүй юм. Тэгэхээр гадаад хэл суралцаж байгаа хүн хичээлээс гадуурх чөлөөт цагаа ашиглан өргөн сэдвээр уйгагүй тогтмол уншилт хийсний үр дүнд сая хамгийн өргөн хэрэглэгддэг дүрэм, үгсийн сан зэргийг ойлгон мэдэж авах боломжтой болдог байна. Дээр өгүүлсэн англи хэлний үйл үг хорин зургаан цагийн хувиралтай байдаг гэдэг боловч яг ярианы хэлэнд тун цөөхөн нь хэрэглэгдэж байдаг шүү дээ. Харамсалтай нь манай өнөөгийн сургалтанд энэ бүх онцлогийг ялган зааглаж өгөхгүй анхан шатны сургалтаар шинэ оюутан сурагчдад тэр бүх цагийн хувиралуудыг хэдхэн өдөрт багтаагаад заачихдаг болохоор хувь хүний оюуны ачааллыг хэт ихэсгэх, түүний улмаас сурахгүй халшрах, өөрийн гадаад хэл сурах авьяастай эсэхэд эргэлзэх нь олонтоо байдаг байна. Тийм болохоор ямар ч сэдвээр чөлөөтэй уншдаг болохын төлөө л өдөр болгон уйгагүй хичээн оролдоод бай. Тухай тухайн өдөр бичвэр дээр гарсан дүрмүүдийн утга, хэрэглээний онцлогийг ойлгож аваад л уншаад бай. Монгол хэлний дүрэм шигээ чөлөөтэй сайн хэрэглэдэг болъё гэж битгий хэт их яар. Би оюутнууддаа “Гүн ойлго, энгийн илэрхийл.” гэж сургадаг. Энэ нь ямар ч сэдвийн бичвэрийг барьж авсан цаад утга санааг нь маш гүн гүнзгий ойлго. Харин ярьж бичих тохиолдолд энгийн сайхан үгээр ойлгомжтой илэрхийл гэсэн утгатай юм. Анх сурч байгаа хүн цөөхөн үгтэй, дүрмийн мэдлэг хомс атлаа дунд дээд шатны бичвэрүүд рүү санаархаж хэзээ ингэж сайхан ярьж бичдэг болно доо хэмээн санаашрах, тэгсэн атлаа анхан шатны үг хэллэг, дүрмээ чөлөөтэй ашиглаж чадахгүй орхих зэрэг завсардмал байдал гаргах нь олонтоо ажиглагддаг. Тийм болохоор анхан шатны дүрмүүдийг сайтар эзэмш. Монгол хэлнийхээ дүрмийн талаар ч гэсэн зохих мэдлэгтэй бай. Аливаа гадаад хэлийг сурч байгаа хүн үйл үгийн цагийн хувирал, хэрэглээний дүрмүүдийг сайтар анхааран эзэмшсэн байх нь юунаас ч илүү эрхэм чухал юм. Амьдрал өөрөө үйл хөдлөл дунд оршдог. Тэр бүхнийг илэрхийлж байдаг хамгийн хөдөлгөөнтэй, хувиргамтгай гишүүн байдаг болохоор өгүүлбэрийн дотор үйл үг онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүн нэр үг, тэмдэг нэр зэргийг мэдэхгүй байхад зааж зураад юм уу? Дохио зангаагаар ойлгуулчихаж болно. Харин тэр болгон тийн орлуулах боломж байдаггүй болохоор үйл үгийг түлхүү сайн цээжилж хувиргааг нь гаргууд сайн эзэмших хэрэгтэй гэж хэлмээр байна. Миний хувьд гадаад хэлийг эхлэн үзэж байгаа оюутнуудад харь хэлний дүрмүүдийг монгол хэлний дүрэм шигээ сайтар эзэмш гэж тулгадаггүй. Хятад хэлний дүрэм ч гэж нэг их айхтар нарийн зүйл байдаггүй л дээ. Шинэ үг цээжлэхтэй адилхан онцгой хүндрүүлж ач холбогдол өгөхгүй, уншилт хуулалтыг нь голлоод л явж байтал нэг мэдсэн дүрэм хэцүү гэсэн зохиомол бэрхшээл ард хоцрон монгол хэлний дүрэм шигээ хэвийн сэтгэлзүйгээр ханддаг болсон байдаг. Хятад хэлнээс гадна гучин хэдэн жил орос, англи, япон зэрэг хэлийг их бага хэмжээгээр сурч судлаж байсны хувьд миний дээр өгүүлсэн аргууд эдгээр хэлийг сурахад ч зохих үр дүнгээ өгнө гэдгийг баттай хэлэх байна. Гадаад хэлийг сурч байгаа хүн том цайзыг эзлэж байгаа цэргйин жанжинтай адил. Би хичээлийн жил болгоны эхэнд гадаад хэл сурахтай холбогдсон сэтгэлзүйн бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар шинэ оюутнуудад хэдэн цагийн лекц уншдаг. Гол агуулга нь энэ номонд үндсэндээ бараг туссан байх гэж бодож байна. Би ярианыхаа далимд гадаад хэл сурч байгаа хүнийг цэргүүдээ удирдан том цайзыг эзлэж байгаа цэргийн жанжинтай зүйрлэн ярихад оюутнууд их тааламжтай хүлээн авдаг. Миний бодлоор гадаад хэлийг сурахад төрөлх хэлний сэтгэлгээний нөлөөлөл гол саад болж байдаг. Тийм болохоор англи, хятад хэлний үгсийг цэргүүд гэхэд юм бол дүрмийг стратеги тактикаа болгон төрөлх хэлний сэтгэлгээний хана хэрмийг эвдэж цайзыг бүхэлд нь эзлэх хэрэгтэй. Хэрвээ ингэж уураг тархиндаа төрөлх хэлнээс гадна харь хэлний сэтгэлгээний тогтолцоог бүрэлдүүлж чадвал тэр хүнийг сая тухайн гадаад хэлэнд нэвтэрхий сайн боллоо. Цайзыг бүрэн эзлэж чадлаа гэж хэлж болох юм. |
|
|
Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:
Жоорло
|
|
| |
| Бичигдсэн сэтгэгдэлүүд | |
| Бичигч: chinii naiz, Цаг: 2007-01-29 10:13:03, IP: 61.36.35.252, Улс: Korea, Republic of | |
|
bayrllaa vnexeer uxaalag zowlogoo bna bi solongos xel surxad xecvv ch xicheewelbolno gedegt itgeltei bna bi tand bayrlla ichnee bags mine
| |
| Бичигч: enhjin, Цаг: 2007-01-29 11:41:30, IP: 210.178.121.93, Улс: Korea, Republic of | |
|
Uneheer unen, unetei zuwluguu ugsun tanid tuiliin ih bayrlaj bna.heregtei bugdiig ene udruus ehlen murduj zalhuurahgui hicheelleh bolno,busad gadaad hel surhiig husej bui buh humuusiig ch urialj bna.URAGSHAA DAACHIN BAINA SHUU!!!!! | |
| Бичигч: Dear_solongo, Цаг: 2007-01-29 15:11:33, IP: 202.179.13.13, Улс: Mongolia | |
|
Зөвлөгөө маань таалагдсанд баяртай байна.
| |
| Бичигч: k, Цаг: 2007-07-07 23:27:58, IP: 121.146.18.26, Улс: Korea, Republic of | |
|
shan zovlogoo bnaa ^^) | |
|
Сэтгэгдэл бичих | |
| Та энд сэтгэгдэл оруулахын тулд Банжиг Мэдлэгт бүртгэгдсэн бүртгэлээрээ нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү! |